Monday, February 17, 2014

Хайртай



Энэ хорвоогийн  эгэлгүй сайхан  бүхнийг хүсэн ерөөж
тэвэр дүүрэн улаан сарнайг тэнгэрлиг хайрын хамт өргөн бариад эхээс мэндэлсэн энэ бэлгэ дэмбэрэлт өдрийн мэндийг хүргэе

Энэ ертөнцийг гийгүүлэгч нь нар гэвэл
Эгэл хэн амьдралыг минь  гэрэлтүүлэгч нь та
Эргэх дэлхийн дагуул нь сар гэвэл
Элбэрэлт сэтгэлийн тань дагуул нь бид
Хайраараа өлгийдөн
Харцаараа ухаажуулж
Хатуу хөтүүгийн зовлонг
Хаана хэзээ ч амсуулахгүй гэсэн
Хатан зүрхнийхээ тангарагаас
Хойш ухарч өөрийгөө хуураагүй
Худал хэлж өвдөг сөгдөөгүй
Хүсэл бүхнээ чандлан хорьж
Өөрийгөө зольсон
Хүлээлт бүхнийг ялна гэж
Өөртөө амласан
Үнэн бүхэнтэй хамт байж урагш тэмүүлсэн
Үйлсийн сайныг хийж түмэндээ хүндлэгдсэн
Үг нь шулуун явдал шударга
Үрстэй ачлалтай ханьдаа халамжтай
Үсгээр бол та бидний эхлэл том А
Үнэндээ бол таны минь хажууд 
Бурхан будда ч сонин биш
Үгүйсгэж байгаа юм биш
Та минь л  наддаа нандин шүтээн
Эзэн богд чингис хаан
Хичнээн аугааг би мэддэг гэлээ ч
Чингисийн үр сад гэж би
Бусдын адил цээжээ дэлдэхгүй
Яагаад гэж надаас асуух хэрэггүй
Түүн шиг аугаа ухаантан дэлгэр сэтгэлтэн
Түүхэнд ахиж төрөхгүй  гэж хүмүүс хэлэлцдэг ч 
Өнгөрсөнд биш тэр өнөөдөр өргөө гэрт минь байна
Ухаант сургаалиа үрстээ хайрлаж
Удмынхаа галыг өндөрт өргөж явна
Амьдралын минь утга учир болж
Хайрын  дээдийг бусдад түгээсэн
Халуун сэтгэлт аав юугаа
Хатуу хорвоог зөөллөж амьдарсан
Хатуужил шалгасан  түүх юүг нь мартмааргүй байна 
Магталгүй өнгөрч болмооргүй байна
Чин зүрхнээсээ би бахархалтайгаар
Чимээ аниргүй нам гүмийг эвдэн
Хэнгэрэгээ дэлдэнэ цээжээн дэлдэн хашгирах болно
Чингис хаан хэдий аугаа ч 
Тэнгэрийн дор бол би өчүүхэн бөөс гэдэг байсан
Тэгвэл би яг л түүн шиг таныхаа дэргэд бол хумхын тоос
Тэнгэрлиг сэтгэлт таныхаа сургаалиар
Тэнхээтэй аавын охин гэдгээ түмэндээ харуулнаа ааваа
Хэний хүү хэд гэдгээ түмэндээ таниулна
Биднийхээ төлөө л өөрийгөө зориулсан таныхаа төлөө
Амьдралаа би зориулна алдар гавьяагаа өндөрт өргөж
Аав таныхаа нэрийг цуурайтуулна
Энэ дэлхийд хүний биеийг олсноос цаашгүй намайг
Эрдэнэт хүмүний төрөлд багтахаар хүн шиг хүн болгон өсгөсөн
Эгэл даруу атлаа эгнэшгүй оюунт
Эрийн тэнгэр эрдэмт мэргэн аав танаа
Ашид хайрлан, мөнхөд биширч
Алтан сургааль юуг тань дагаж
Андууралгүй зөв явахсан гэж боддог шүү үр тань
Уучлахын дээд ухааныг танаасаа би олсон
Хайрлахын үнэн утгыг танаасаа би ухаарсан
Санаа сайтын үлгэрийг танаасаа би харсан
Сайхан бодол өөдрөг үзэл үнэнч сэтгэл гээд
Санчиг бууралгүй атлаа та надад
Ухаанаа уудалж мэргэн өвгөдийнхөө богцыг задалж
Уянга яруу утга төгс бүүвэйн дуунаас эхлээд
Уртын дууны шуранхай ардын дууны сайхнаар
Ухар мөчид оюуныг минь сэрээж
Уулга алдуулан ухаажуулан суудаг сан
Өдий хүрлээ ч томоо суугаагүй намайг
Харцаараа зэмлэж ухаанаараа аргаданхан байдаг
Хан тэнгэрийн наран болсон
Харанхуй тэнгэрийн саран болсон
Өргөө гэрийнхээ түшиг нь болсон
Өнөр үрсийнхээ буян нь болсон
Оройн дээд тахисан бурхан минь өршөөж хайрла
Отгонтэнгэрийн хувилгаан минь  ивээж хайрла
Намайг даасан амьд бурхан минь та байгаа болохоор
Манхайн цайх үүрийн гэгээ хамгийн өнгөлөг байдаг
Насан өндөр эзэн богд чингисийн
Хувилгаан дүр хажууд минь байдаг болохоор
Хаана хэзээ ч би хэнээс ч айдаггүй
Харин хаана хэзээ ч би хэнийг ч дагуулна даа гэж
Хатан зүрх минь бардамхан алхалдаг
                                                                                       
                                                                                  Хүндэтгэсэн: Гэгээн анд













No comments: