Tuesday, February 18, 2014

Би сүүдэр газрын мод



             Энэ дэлхий дээр бидэнд үл үзэгдэх , гарт үл баригдах тийм нэг аугаа хүч оршин байдаг. Тэрхүү хүчин байдаг эсэхэд эргэлзэх хэрэггүй. Учир нь хүн төрөх , хөгшрөх, үхэх, өдөр шөнө ээлжлэх , цас бороо орох, цэцэг ургаж навч шарлах гээд энэ бүхэн тэр хууль үйлчилж байгаагийн нэгэн тод илрэл.Үүнийг бид байгалийн хууль гэж нэрлэдэг.
Тэгвэл бид яагаад байгалийн хуулинд захирагддаг юм бол оо!
Өнөөдрийг хүртэл би энэ асуултын хариуг хайсаар ирлээ. Гэвч одоо хариултыг нь олсон.
Эрт цагт нэгэн философич хүн бол байгалийн амьтан гэж хэлсэн байна. Тэгвэл монголчууд үүнийг эртнээсээ мэддэг  их гүн ухаанч ард түмэн байсан учраас “хүн байгаль  хоёр хүйн холбоотой”  гэж үр хойчдоо сургасаар ирсэн ажээ.
Одоо надад тэр их гүн ухааныг залгуулагч,  мэргэн түмний  үргэлжлэл болсон  аав минь байгаад би баяртай байдаг. Би Богдхан уулынхаа өвөрт төрж өссөн азтай нэгэн. Зун намрын аль ч цагт зав л гарвал гэрийнхэнтэйгээ самар жимс түүж салхилахаар Богд ууландаа гарна. Гадаа шар эсгий уугим халуун байлаа ч ойд орохоор л сэрүүцээд удалгүй даарч эхэлдэг сэн. Тэгээд би нэг удаа ааваасаа яагаад ийм хүйтэн байгаа учрыг асуухад “Энд наргүй байгаа болохоор л хүйтэн байгаа юм” гэж хариулсан юм. Энэ хариултыг сонссон даруйдаа би ааваасаа Сүүдэр газарт ургасан мод, нартай газар ургасан мод хоёрын аль нь өндөрт ургадаг юм бол? гэхэд бүхнийг мэддэг аав маань юу ч хэлэлгүй инээмсэглээд миний охин том болоод мэднээ гэж хэлээд л орхисон юм. Тэгээд би гэдэг хүн жаахан урам хугарсан ч дотроо бол мэдээж наран талд ургасан мод л өндөр байж таарна шд гэж таамаглан бодож билээ.
Аливаа амьтан ургамал амьд бодгаль наргүйгээр оршин тогтнох аргагүй. Нар, нарны гэрэл бол амьдралын амьд байгалийн оршихуйн үндэс ажээ.
Хожим хүний амьдралд ч байгалийн хууль ижилхэн үйлчилдгийг амьдралаасаа олж мэдээд тэр хариугүй бодлогоны учрыг олсон доо. Үнэндээ байгалийн хууль гэдэг бол мөн чанартай амьдралын хууль юм.
Одоо би өөрийн амьдралыг эргэн харахад яг л олоон жилийн өмнө тэр ойд таарсан сүүдэр газрын модыг харах шиг болдог. Тиймээ би сүүдэр газарт ургасан мод байсан. Дундуур бүхнээ дүүргэж, дутуу бүхнээ гүйцээхийн тулд хэнээс ч дутахгүй сайхан амьдрахыг хүсч би чин сэтгэлээсээ нарлаг амьдралд тэмүүлсэн.Үр дүнд нь би ямар гайхалтай хариуг олсон гээч... Сүүдэр газар ургасан мод наранд тэмүүлсээр нартай газар ургасан модноос ч өндөрт ургадгийг олж мэдсэн. Амьдралынхаа бодлогыг зөв бодоорой гэсэн шиг тэр үед юу ч хэлээгүй аавдаа баярлах шиг... Ухаантай аав минь тэгэхэд хариуг нь шууд л хэлчихсэн бол би өөрийнхөө амьдралаас энэ бодлогын хариуг олох байсан болов уу гэж хааяа эргэлздэг юм. Тэр нэгэн  хариугүй сонирхол татсан бяцхан бодлого миний амьдрал өөрөө өөрийгөө олох амьдралаа өөрчлөх их гараа болсон шиг санагддаг. Энэ бол зүгээр л сүүдэр газрын ургасан бяцхан модны энгийн нэгэн түүх. Харин энэ дэлхий дээр дэндүү олон мянган аварга модод сүүдэр газар л ургасан байдгийг би олж мэдээд бахархах сэтгэлээр жигүүрлэдэг. Гайхалтай сайхан холливуудын одод, алдар суутнууд мэргэн ухаантнууд, дэлхийн гайхалтай удирдагчид, сайн үйлсийн эздээс жишээ дурдвал Жон Кеннеди,  Стив Жобс, ДжекиЧан,  Опра Винфри, Ник Войжич  гээд олон мянган жишээг одоо би өгүүлж чадах ч цаас үл хүрэх биз. Гэлээ ч Сүүдэр газрын моддоос хамгийн өндөрт ургаж аугаа түүхийг бүтээсэн хүн бол Монголын бахархал, Дэлхийн шилдэг удирдагч, Энхтайвныг цогцлоогч суу билигт  Эзэн Чингис хаанаас өөр хэн байх билээ. Тэрээр дэндүү балчир насандаа өнчрөлийн гашуун зовлонг амсч тэсэхүйеэ бэрх цаг хугацааг өөрийн биеэр сөрөн зогссон. Тэр элэг бүтэн, элбэг дэлбэг юугаар ч дутаагүй өссөн бол тийм аугаа ихийг бүтээж Их монгол улс энэ дэлхийн түүхэнд байх байсан болов уу? ... эргэлзээтэй. Магадгүй ихийг хийж бүтээн гэж итгэсэн хүндээ л тэнгэр бурхан муруй зам хайрлаж хамгийн хүнд ачаагаа үүрүүлдэг бололтой. Тиймээс зовлонгийн түлхүүрээр жаргалын  хаалгыг нээж чаддаг ер бусын хүчтэй хүмүүс ихэвчлэн сүүдэр газарт илгээгдсээр ирсэн байдаг.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам “Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт ололт болдгийг сана” гэж энэ тухай сургасан бололтой.
Ингээд бодохоор би сүүдэр газарт ургасандаа баярладаг, сүүдэр газарт өссөнөөрөө бахархдаг. Наранд тэмүүлэх, өндөрт хүрэх өөрөөр амьдрах хүчийг өгөхөөр намайг зорин ирсэн бэрхшээл бүхэндээ талархдаг.
Эцэст нь өөрийн амьдралаас ургасан нэгэн оноч мэргэн үгээр эссэгээ жаргаая.
Бэрхшээл бүхэн бэрхшээл байдаггүй. Бэрхшээл бол зүсээ хувилгасан боломж байдаг.
Тиймээ би сүүдэр газрын мод.  Тиймээ би тэнгэрт тэмүүлэгч мод.

Хүндэтгэсэн:  Гэгээн анд

2 comments:

Anonymous said...

Сайн байна уу

Anonymous said...

taalagdaj bna Bayarlalaa